Явах уу? үлдэх үү? Тэмцэх үү? зугтах уу? Амьдрал тоо томшгүй сонголтоор дүүрэн. Ер нь амьдарна гэдэг сонголт хийхийн л нэр. Амьд байх амьдрах хоёрын ялгаа нь та сонголтоо хэнээс ч хамааралгүйгээр хийж чадаж байна уу? сонгосон замаараа явах сэтгэлийн тэнхээ байна уу? үгүй юу? гэдэгтэй л холбоотой асуудал. Хүний нийгэм бидэнд та нас биенд хүрсэн бол тогтмол орлоготой, машин, байртай, эхнэр хүүхэдтэй байх ёстой зэрэг хэрэгтэй хэрэггүй шалгууруудыг тавьдаг. Нийгэмд хүндлэгдэхийн тулд та заавал дээд боловсролтой, мастер, цаашлаад докторын зэрэгтэй байхыг шаардана. Хуульчдыг мужанаас дээгүүр үзнэ. Адилгүй хүмүүсийг адил шалгуураар үнэлнэ. Угтаа бол аль аль нь л нийгмийн үнэ цэнэтэй гишүүд. Эдгээр шалгуурууд бидэнд хүсээгүй сонголтуудыг тулгах нь олонтоо. Нийгмийн гишүүд бүгд ижил зүйлийг хүсдэггүй ч нийгэм нэг зүйлийг хүсдэг. Нийгэмтэй хүсэл нэгт хүмүүс байхад хүсэл нэггүй нь бас байна. Өөрийг хүсэгчид өөрийн хүслээр бус нийгмийн хүслээр явахыг амьдрах бус амьд явах гэж нэрлэнэ. Амьд яваа хүнд мэдлэг чадварын хэрэг бий юу? Амьд яваа хүн амьдрагч нэгэн болохын тулд бусдын тулгасан сонголтуудыг эсэргүүцэн зогсох сэтгэлийн тэнхээ хүч байх хэрэгтэй. Бусдын "үгүй" дундуур "тийм"-ээр алхах хэрэгтэй болно. Энэ сонголт таньд амар хялбарыг авчрахгүй байж болно. Гэхдээ амьдралыг авчирч чадна. Би амьдралыг сонголоо. Ирээдүйн би энэ сонголт маань зөв байсан эсэхийг дүгнэг.
0 comments:
Post a Comment