Нууцын нууцыг тайлахуй...

Миний бие 2013 оны 8-р сарын 14ны 7.30 цагт “Нууц” хэмээх гайхамшигтай номыг бүрэн эхээр нь уншиж дууссан бөгөөд сурч мэдсэн зүйлсээ хуваалцахгүй байж чадашгүйнэ ээ.
2006 онд Австралын телевизийн продюсер Ронда Бирне гэгч эмэгтэйн “Нууц” хэмээх ном дэлхий дахиныг шинэлэг санаа, өвөрмөц шийдлээрээ гайхшруулж бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалт бүхий “өөрийгөө хөгжүүлэх” номнуудын жагсаалтыг тэргүүлж чадсан. Ронда Бирне хувь заяа, үйлийн үр зэрэг хоцрогдсон ойлголтыг халж үнэн сэтгэлээсээ хүссэнээр та эерэг үйл
явдлуудыг дууддаг хэмээх таталцлын онолоо гаргажээ.

Онолын үүсэл гарал...
“Нууц” номонд Будда,Аристотел, Плато, Исаак Ньютон, Бетховен, Томас Эдисон гэх мэт алдартнууд бүгд таталцлын хуулийг мэддэг, ашигладаг байсан бөгөөд өдийг хүртэл олон нийтэд мэдэгдээгүй шалтгаан нь эдгээр хүмүүс өөрсдийн хувийн ашиг сонирхлын төлөө энэхүү аугаа нууцыг бусдад задруулахаас сэргийлж багшаас шавид, эцгээс хүүд өвлөгдөн ирсэн хэмээн тайлбарладаг. (Бид энд хайр нигүүслийн бэлэг тэмдэг Буддаг ярьж байгааг мартаж болохгүй). Энэхүү нууцыг өвлөн авахаар сонгогдсон цөөн хэдэн хүмүүсийн нэг нь Ронда Бирне байсан бөгөөд түүний харамгүй ариун сэтгэлийн  ачаар мунхаг харалган энгийн ард бидэнд ертөнцийн хамгийн аугаа нууцуудын нэгтэй танилцах хувь төөрөг тохиожээ.

   Таталцлын хуулийн талаар дэлгэрэнгүй...
Гэрэл сүүдэр зэрэгцэн оршдгийн адилаар таталцлын хуульд ч бас хар тал гэж бий. Таталцлын хуулиар бол үргэлж хохирогчдын буруу байж таардаг. Хүчирхийлэл, газар хөдлөлт, цунами аль нь ч тохиолдсон бай эдгээр нь таны сөрөг бодлуудын үр дүн. Үнэн сэтгэлийн хүчээр тархины хорт хавдраас ангижрах боломж байсаар байтал эмнэлэгт очих хэрэг гэж үгүй. Ямар нэгэн байж боломгүй азгүй тохиолдлоор таны хүсэлт биелээгүй бол санаа зовох хэрэггүй танд шинэ тархи хүсэх бас нэгэн боломж бий. Хүслээ гээд бид бурхан шиг болж чадна гэж үү? Гэсэн асуултыг тавьж буй шашны тэргүүнүүд, энэ бол амгалан сайхан амьдарлыг хүссэн хөөрхий иргэдээс мөнгө саах гэсэн бас нэгэн оролдлого хэмээн ам бардам баталж буй судлаачид бол ердөө л атаархагчид. Эцсийн эцэст тэд ертөнцийн хуулийн эсрэг хэн юм бэ? Ердөө л нэг муу Харвард, Камбриджийн их сургуулийг арай ядан төгссөн тэнэгүүд шүү дээ.   Хүс тэгвэл та авна.  
Аугаа зүйлс энгийн байдаг /Декарт/

   Амжилтын нууц...
Номын асар сайн  бодлоготойгоор худалдаанд гаргасан бөгөөд  доорх гурван санаанд тургуурлан хэрэглэгчдийн тархийг угаасан.
  1. Энэхүү бүтээл нь эртний соёл иргэншлийн мэдлэгт тулгуурласан /уран зөгнөлт зохиол болон кинонуудаас харахад хамгийн эртний ид шид хамгийн хүчирхэг нь байдаг/
  2. Энэхүү ном дөнгөж эхлэхээсээ л та өөрийн эерэг бодлынхоо ачаар өдий болтол газар хөдлөлт, цунамийн хохирогч бололгүй тэсч үлдсэн сонгогдсон нэгэн гэдгийг нотлохыг оролддог /Бусдад ямар нэгэн золгүй явдал тохиох нь бидэнд таатай сэтгэгдэл төрүүлдэг бөгөөд өөрийгөө харьцангуй азтай, амжилттай амьдарч буй мэдрэмжийг авдаг гэдгийг Зигмунд Фройд тогтоосон байдаг /
  3. Таталцлын хуулийг хамгийн залхуу нэгэн ч ашиглах бүрэн боломжтой бөгөөд буйдан дээрээ дээшээ харж хэвтээд хүсэхэд л хангалттай
Ийм сайхан зүйл санал болгож байхад хэн авахгүй гэж?

  Таталцлын хуулийг шинжлэх ухаанаар батлах нь ...
Квантын физикээр таталцлын хуулийг баталж болох бөгөөд бодол бүр өөрийн гэсэн энергитэй ижил төстэй энергүүд бие биенээ татдаг.  Энэхүү өгүүлбэрийг уншсан хүнд үнэмшил төрөх нь ойлгомжтой. Хэн квантын физикийн эсрэг маргалдаж чадна гэж? Харамсалтай нь физикт бодлын энерги гэсэн ойлголт байхгүй. Таталцлын хууль  (law of attraction) нь Ньютоны дэлхийн таталцлын хуультай (law of gravity) төстэй сонсогдлоо гээд энэ нь физикээр тайлбарлагдана гэсэн үг биш.  Нийт хүн амын 99 хувь нь физик тэр дундаа квантын физикийн талаар мэдлэггүйг далимдуулан ийм ул үндэслэлгүй баталгаа гаргах нь байж боломгүй ичгүүртэй хэрэг. Үлдсэн нэг хувь хичнээн эсэргүүцэж ориллоо гээд 99 хувь лайк дарсан бол ямар ч хог Бестселлер болох боломжтой гэх нууцыг энэ ном дэлгэж чадлаа.

http://en.wikipedia.org/wiki/Rhonda_Byrne -с Ронде Бирнэ нь "Нууц" номын зохиогч гэхээс өөр ямар ч дурьдууштай хийсэн бүтээсэн зүйл үгүй хүн гэдгийг харж болно. Ямар ч судалгааны ажил онолын үндэслэлгүй, эхнээхээ төгсгөл хүртлээ хоорондоо зөрчилдсөн хуурамч баталгаа тайлбаруудаар дүүрэн ийм юм уншиж өсч буй хүүхдүүдийн өмнөөс харамсмаар. /үүнийгээ квантын физикээр батлахыг оролдсон LoL/

Энэхүү номноос авууштай ганц санаа байсан нь өөдрөг үзэл таныг амжилтанд хүрэхэд эерэгээр нөлөөлнө гэх сүүлийн гурван зууны турш улиг болтол давтагдсан өгүүлбэр байсан бөгөөд хэнээр ч хэлүүлэх шаардлагагүй ойлгомжтой зүйлийг нууц гэж нэрлээд түүнийгээ худалдаж чадсан хүний цэцэн ухааныг магтахгүй байхын аргагүй.

0 comments:

Post a Comment

 
Demoir © Creative Commons 2010 | Plantilla Quo creada por Ciudad Blogger